Өглөөний 03:40 цагт үүргэвчээ үүрээд дугуйгаа аваад гарлаа. Хотын төвөөр жийсээр Баянгол рестораны автомашины зогсоол дээр очлоо.
Энэ бол клубын 12 дахь, орон нутгийн 2 дахь аялал юм. Миний өмнөхөн ганцаараа аялагч алдарт дугуйчин Батболд Боолоо ах маань аялалд оролцохоор жийж ирсэн харагдлаа. Удалгүй дугуй ачсан машин ирсэн нь Торгоны зам клубын Мөнхцог байлаа. Удалгүй тэдний багийн Болд ах бусад гишүүд ирсэн харагдана. Ер нь 2 клубын хамтарсан аялал болох талаар сүүлд мэдсэн дээ.
Удалгүй манай гишүүд цуварч ирсээр нийт 27 хүн болов. Менежментийн багийн гишүүн Гэндэндорж Машбат эмч өөрөө явж амжихааргүй болсон ч машинаа өгч явуулсан байлаа. Мөн 2 Наранбаатар, Орхон нар өөрсдийн машинтайгаа ирэв. Удалгүй Хандаа маань портероо барьсаар хүрч ирснээр дугуйнуудаа ачиж бэхлэв. Цаадах чинь аялалын гол зохион байгуулагч хүн л дээ.
Аялалыг төлөвлөх, зохион байгуулахад арын алба, бэлтгэл ажилд олон хүний оролцоо чухал байдаг. Энэхүү аялалыг гишүүн Отгонбаярын унаган нутагт хийж байгаа учраас арын албанд ажиллаж байгаа билээ. Юуны өмнө түүнд болон түүний ах нарт, мөн орон нутгийнхандаа баярлаж талархснаа илэрхийлэх нь зүйтэй.
Ингээд UBCC-ын 24, Silk road-ын 5 хүнтэй хамтарсан багийн 7 машин, 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр өглөөний 06:00 цагийн орчим Чойр хот зүгт хөдлөв. Үүрийн гэгээ орж, алтан наран мандаж, мандах ч гэж дээ тэнгэрт хурын үүл хуралдсан салхитай өглөөг угтав. Өмнө нь Эрээн орох гэж энэ замаар хэдэн удаа явж байсан нь тогтож анзаарч харж байсангүй. Харин одоо дугуйтай жийх учраас газар орны онцлогийг мэдэж авах, өгсүүр хотгор, цас бороо гэх мэтийг дотроо бодон явлаа. Нэг ч модгүй зах нь үл харагдах ээрэм тал бөгөөд тэнгэрийн хаяа хязгааргүй үргэлжилнэ. Замд ганц нэг бороо хаялах ч шиг, энд тэнд сүрэг юм шиг, биш ч юм шиг бог бод малууд идээшлэнэ. Манай урд машинууд бүгд түрүүлээд алга болжээ. Бид орчлонгийн элдэвийг ярилцан, ялангуяа Отгоо эгчийнхээ алтан сайхан сургаалыг сонсож, хүмүүний мөн чанарын талаар лекцийг нь сонсож явлаа. Гэтэл манай машин жаахан доголдов. Байдаг бүхий л аргаа хэрэглэн машинаа аргадаж гуйж, машин бид хэд нэгэн бодгаль болсны хүчинд Чойр хотын бараа харав. Клубын гишүүн Жавхлан маань аялалд оролцохоор Бор-Өндөрөөс ирээд хүлээж байлаа. Цувааны түгжигч, цоожлогчоор томилов.
Отгонбаярын том ахынх нь ресторанд өглөөний цайгаа уулаа. Одоо энүүгээр л замын талыг туулна шүү дээ. Орон нутгийнхан сайхан хүлээн авлаа. Говь-Сүмбэр телевиз, орон нутгийн музейн тайлбарлагч, Замын цагдаагийн тасгаас алаг тэрэг хамгаалалтанд ирсэн байлаа. Мөн Отгонбаярын дунд сургуулийн ангийн багш нь мөн хамт жийж явахаар болов. Бэлтгэл ажлаа хангасны дараагаар нийт аялагчдад аюулгүйн зааварчилгаа өгч гар хөлийн үсэг зуруулж авлаа. Торгоны замынхан хүртэл энд зурсан шүү ккк.
Ингээд аялал эхэллээ. Гол нь цаг агаар шүү дээ. Битүү борооны үүлтэй, араасаа ширүүн салхитай, бороо дусагнасан цаг дор аялал маань эхэллээ. Гишүүдийн талаас илүүгүй эмэгтэй, зарим нь анх удаагаа явж байгаа учраас хурдан явахдаа гол биш, аюулгүй явах нь чухал юм. Торгоны замынхан туршлагатай учраас санаа зовох зүйл алга. Замын туршид Орхон цувааны өмнө хойн орж цувааныхаа бүтцийг хадгалж, Алтансүх маань замын өгсүүрүүдэд 2 эмэгтэй гишүүндээ санаа тавьж дэмнэсэн яваа харагдана. Аясын салхи аарцаг нурууг минь илбэнхэн анх удаагаа өгсүүр замд шааригдаж үзэв. Станцаар хаяа нэг түгжигчтэйгээ холбогдон мэдээ авсаар 40 км замыг гишүүд төвөггүйхэн туулж Чойрын Богд хайрханы барааг харав. Тэмээний бөх шиг хэлбэртэй 2 хэсэг хайрхан юм. Тайлбарлагч нутаг орныхоо талаар тайлбарласаар, бид шимтэн сонссоор. Цагдаагийн алаг тэрэг буцлаа.
Ингээд шороон замын аялал эхэллээ. Салхи ширүүссэн хэвээрээ ч зол болоход араас хайр найргүй үлээнэ. “Салхи минь чи биднийгээ буцахад зүг чигээн өөрчилж хайрлаарай” гэж ерөөгөөд цааш жийлээ. Замын чулуурхаг хөрстэй зарим газраа хөнгөн элстэй, өндөр даваа гүвээгүй ч алсуураа өндөр зүүн урагшаа чиглэлд жийхээр болов. 7 км яваад Цоорхойн рашаан дээр очиж түр зогслоо. Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан байдаг ер бусын онцлогтой. Тэнгэр онгойж, алтан нарны туяа хэнхдэг цээжинд минь туслаа. Ингээд дахин цааш жийсээр Цагаан дарь эх бурханы ингүүмэл аргаар бүтээсэн хөшөөн дээр ирлээ. Тайлбарлагч л тэгж хэлсэн шүү. Чойрын хийдийн орчимд 1828 онд хижиг өвчин дэлгэрч лам болон энгийн ардын аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы чиглүүлэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэх домог өдгөө ам дамжин яригдсаар иржээ.
Зарим гишүүд маань ядарч эхэлсэн байлаа. Одоо буцаад Чойрын Богд хайрхан чиглэлд жийнэ. Салхи сөрөн жийнэ л дээ. Гэдэс хоржигнон дуугарч, өлсөж эхлэв. Замд усны саваа 2 удаа цэнэглэсэн боловч дуусчээ. Гэснээс ус, үзэмний шүүс, кола “-ыг тэнцүү хэмжээгээр хольсон шингэн нөхөх ундаа гаргаж авсан нээлт хийсэн шүү би ккк. Цуваа хэдийнээ хэд хэд тасарч хэсэг хэсэг болсон байлаа. Түгжигчтэйгээр холбоо барьж багцаа аван, майлсаар, жийсээр Чойрын богд хайрханы өвөрт ирлээ. Цаг хэдийн 16:30 зааж байв. Отгонбаярын бас нэг ах нь найз нөхдийн хамт хорхог хийж угтлаа. Үнэхээр сэтгэл гарган бэлтгэсэн байлаа, Хуйхтай нь хийсэн, бүр толгой шийрийг нь хүртэл хийсэн байв. Гишүүд маань маш их өлссөн нь байгаа нь тодорхой. Хээрийн хүн хээгүй гэдэг шиг шүдээрээ зулгааж, халуун цай оочлон өдрийн хоолоо мартагдашгүй байдлаар зооглолоо. Аргагүй шүү дээ. Алдарт Чойрын Богд хайрханы өвөрт тансаг сайхан байгальд яргуй идсэн ямааны мах зооглоно гэдэг.
Аймгийн телевизэд ярилцлага өглөө. Телевизийн тэр том биетэй ахын нэр Уранцэнгэл гэдэг ажээ. Надад бол их л уяхан нэртэй санагдсныг яана вэ ккк.
Хайрханд эмэгтэй хүн гардаггүй тул эрчүүд Дагвасүндэл бурханд өргөл өргөхөөр мацав. Чойрын богд уул нь олон зуун жилийн түүхийг хадгалсан, далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 2011 онд байгалын нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан, аргаль хонь нутагшуулсан юм байна.
Хоол идсэн, 4 цаг жийсэн нойр залхуу хүрч эхлэх тэр мөчид буцахаар жийлээ. Гэтэл замд 19 хороололд байдаг тэмээн жингийн цуваа яг дүрээрээ таарлаа. Баахан зураг даруулаад явлаа. Наранбаатар аппаратаараа маш сайхан зурагнууд авсан байх ёстой.
Салхи минь эргэнэ гэсэн чинь яасан бэ? Салхинд туугдан жаргаж жийсний горыг амсаж эхлэв. Зарим дугуйчдыг ачив. Тэд үнэхээр их ядарсан байлаа. Өөрийгөө ялан дийлэхийн төлөө явах сайхан. Аялалын цуваа 2 тасарчээ. Торгоны замынхан түрүүнд явж байлаа. Салхи уулын уруу жийгээд жийгээд явахааргүй хайр найргүй үлээж байлаа. Одоо 15 км жийгээд засмал хүрэх ёстой. Жийсээр, сүүлдээ ардаа урдаа хүнгүй шахам болж замдаа Хандаатай таарав. Нөгөө түрүүлж тасарбал бусдыгаа хүлээнэ энэ тэр гэсэн аюулгүйн дүрэм ч бүр лөөлөө боллоо. Цаашид энийг анаарах нь зүйтэй санагдлаа.
Замд нэг жижиг гол таарав. Тэр бол Уулзварын гол гэдэг нэртэй байсан юм билээ шүү. Майлсаар явсаар засмал зам хүрэв. Цаг нэгэнт орой болсон байлаа. Сүүлдэж ирсэн дугуйчдаа цуглуулаад машиныхаа салхинд сууж хэсэг явав.
Цаг нэгэнт орой болж нар буусан тул сүүлийн дугуйчдаас шууд ачихаар шийдлээ. Энэ бол зохион байгуулалтын хүрээнд авч байгаа арга хэмжээ болохоос тэд няцсан зүйл огт биш юм шүү. Ингээд 21 цагийн үед Жавхаагаа Бор-Өндөр лүү нь үдэн, дугуйгаа ачин нийслэлийн зүг хөдөллөө. Машин маань доголдсон хэвээрээ. Аялалын амьд лавлах Батболд Боолоо ахтайгаа пан гүрж аялалын паянгуудаас нь яриулсаар явав. Ингээд шөнийн 03:30 цагт сүүлчийн хүнээ буулгаснаар энэ удаагийн маань аялал өндөрлөсөн билээ.
Эцэст нь хэлэхэд аялал бүр өөрийн гэсэн өнгө аястай, онцлогтой. Эд хөрөнгөнд мөнгөө үрж байхаар дурамжиндаа үрсэн нь дээр юм шүү. Цаашдаа олон аялалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн минь идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байгаа шүү. За амжилт. Жаахан нуршсан бол сори.
UBCC менежментийн багийн гишүүн С.Батмөнх
Улаанбаатар хот
2022.04.24