Дугуйн аялалын тэмдэглэл
Хаврын дугуйн аялалууд өөр өөрийн дурсамжаа бүтээн үргэлжилсээр. Сэлбэ голын тусгай хамгаалалтын бүсрүү хийсэн 60 километрийн дугуйн аялалын үеэр ирэх долоо хоногт Говьсүмбэр аймаг руу жийлт хийх тухай яриа чих дэлсэв. Миний хувьд явна даа гэж бодсоноос яаж явах, хаагуур аялах тухай төсөөлж бодсон ч үгүй өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Говьсүмбэр аймагт жийлт хийхдээ Чойрын Богд уул, Зүүн жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх, Дагвасүндэл бурханы хөрөг, хүүхдийн овоо, Дугар мээрэнгийн хөшөө, Цоорхойн рашаан зэрэг дурсгалт газруудаар засмал болон шороон зам хосолсон 90 километр дугуйгаар аялах ба аялах дугуйчид 2022 оны 4 сарын 23-ны Бямба гаригийн 04 цагт Баянгол зочид буудлын талбайгаас дугуйгаа ачицгаагаад Говьсүмбэр аймаг руу унаагаар цагтаа хөдөлцгөөнө гэсэн мэдээлэл бүхий зар тавигдсан байв. Явдаг хэргээ гэж бодчихоод ажлын хувиараа хартал өмнөх орой нь жижүүртэй таарав, 04 цагт хэнд ажлаа үлдээгээд явах вэ гэж бодсоор хоёр, гурав хонолоо. Сэтгэл шулуудвал болохдоо л болно гэгчээр дараа өдрийн жижүүр эмч 04 цагт надаас жижүүр хүлээлцэж авав. Эмчийнхээ тусыг талархан бодсоор Баянгол зочид буудал дээр ирэхэд манайхан дугуйнуудаа портер машинд аччихсан, намайг хүлээж байв. Хандаа эгч маань надаас портер барьж чадахуу гэж байна, би трактор барьж өслөө ш дээ гэж хошигноод, нөхдийнхөө дугуй ачсан портерийг барин, хоёр алфард машинд хуваагдан суусан нөхөдтэйгээ Чойр хотруу хөдөлцгөөв.
Өглөө 8 цагийн үед Чойрт ирэхэд Торгоны зам клубын 2 дугуйчин, алдарт аялагч Боолоо ах, манай хэдэн дугуйчдын хамт тосч, Чойрын төвд манай клубын Отгонбаярын ахын “Урьхан” гэдэг зоогийн газарт ирэв. Том зааланд нэг эгнээ болгон зассан ширээний 2 талаар 26лаа сууцгаалаа. Час халуун сайхан сүүтэй цай аягалж тавиад, брокли байцааны зутан шөл хүн бүрт аягалсан байлаа. Биднийг их л эрүүл хооллолттой хүмүүс гэж ах эгч нар нь ойлгосон бололтой, үнэн хэрэгтээ цаг агаарын ямар ч нөхцөлд, хаана ч хамаагүй ямар ч хоолыг шороотойгоо холиод амтархан идчихдэг “хээгүй” нөхдүүд л дээ бид. Хоёрдугаар хоол нь шарсан өндөг, загварлаг хэрчиж шарсан зайдастай салатны навчтай хотын тансаг ресторанд олж идэхээр тансаг өглөөний зоог болов.
Их л сэтгэл гаргаж дээ гэж манайханы хүн бүр хэлж байлаа. Говийн хүмүүсийн сэтгэл сайхан гэдэг үнэн юм даа гэсээр дугуйнуудаа буулган, хувцасаа тохируулж аялалд гарахдаа бэлдэцгээв.
Бидний дугуйн аялал Говьсүмбэр аймгийн төв, Чойрын өртөөний зангилаан дээр орших “Цэргийн алдрын хөшөө”- тэй танилцахаас эхлэв.
Зөвлөлтийн цэргийн 41-р мото буудлагын дивизийн ангийн салбар Говьсүмбэр аймагт байрлаж байсан бөгөөд энэхүү 13 метр буюу таван давхартай дүйцэх өндөртэй цэрэг эрийн хөшөөний өмнө зургаан татуулаад, цагдаагийн дохиололтой машинаар хамгаалуулан Чойрын Богд уулын зүг засмал замаар хөдөлцгөөв. Энэ удаагийн аялалын амтыг нэмсэн нэг зүйл нь аялалын хөтөч хийж, дүрсжүүлэхээр Чойрын телевизийн багийнхан ирсэн явдал байв. Цэргийн алдрын хөшөөнөөс эхлэн дурсгалт газруудынхаа тухай ер нь төрсөн нутгийнхаа үүх, түүхийг маш сайн мэддэг, энгүүн сайхан хүн бол манай аялалын хөтөч, сэтгүүлч Болдбаатар ах маань байлаа.
Очсон дурсгалт газар бүр тайлбар хийж бидний сонорыг мялаана. Зураглаач сэтгүүлчээр ил шулуухан, хошин мааз үгтэй, нүдэнд дулаахан хижээл насны Уранцэнгэл гэдэг хүн хамт явлаа. Энэ удаагийн аялалд, аялал бүрт яваад байдаггүй шинэ гишүүд нилээдгүй байсан тул нэгнээ хүлээзнэн алгуурхан жийсээр 30 километр өнгөрч засмал замаас бууж, ус ундаа болж хэсэг амарцгааж, үзэж харах газар их, шороон замаар 30-д километр аялах тул алгуурлалгүй цааш Чойрын Богд уул, Цоорхойн рашааны зүг уван цуван жийцгээв.
Цоорхойн рашаан гэж содон нэртэй энэхүү рашааны тухайд том чулуунуудтай өндөр хадан хясааг техникийн хүчээр голоор нь 2 хуваагаад сэтэлчихсэн юм шиг байгалийн өвөрмөц тогтоцтой хадны ёроолд байх ба өвлийн дүн хүйтэнд ч харзладаг, тэгсэн мөртлөө уухад ам хага ташдаггүй, зунд хүйтнээрээ л байдаг, дотрын олон өвчинд тустай, цааш урсахдаа газрын хэвэл рүү шургаж Хэрлэн мөрөнтэй хүйн судсаар холбогддог гэх сайхан рашаанаас хүртэцгээлээ.
Цааш өгсөж жийсээр Зүүн Чойрын хийдийн туурийн орчимд ирж, 1830-д онд 5 дацангийн гол дацангийн үүдийг голлуулан өөдөөс харагдах уулын хээрийн боржгон чулуун дээр 245 см өндөр, 170см өргөн хэмжээтэй сийлсэн Цагаан Дарь эх бурханд мөргөж, хүслийн хаданд хүслээ шивнэцгээв.
Зүүн Чойрын хийд 1500 орчим ламтай, төмөр, мод, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл урлал хөгжсөн, бурхан шашин соёлын томоохон төв байжээ. Сонирхуулахад Зүүн Чойрын хийдээс 60 километрт буюу Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Баруун Чойрын хийд байх ба алсаас харагддаг мөн Зүүн Чойрын хийд Монголын 700 гаруй сум хийдээс хамгийн анх буун дуу сонссон учир нь 1920 онд Хүрээг гамингаас чөлөөлөх Барон Унгерны цэрэг уг хайрханы хойд онь хөтөл болох Майхантын хөтөл дээр үхэр буу зоож, хийдийн ойролцоо байсан гамингийн цэргийн штаб руу гал нээхэд хамт өртөж сүйдсэн гэх ба 1939 оны ороо бусгаа үе гэхэд гурван ч удаа шатаж, түүх соёлын үнэт өв утсаныг сонсоход дэндүү хайран.
Эндээс сүм, дугана, гэрийн туурийг чулуу шигтгэж тэмдэглэсэн энгэрээр өгсөж, хөглөрсөн их боржин чулуун дундуур давхисаар Чойрын Богд уулын тусгай хамгаалалтын цэгт ирж, Отгонбаярынхаа ах, ангийн хүүхдүүдийн гараа гаргаж, говийн амттай махаар хийсэн хорхогыг ёстой л амаа олохгүй хүртэцгээлээ.
Та нарыг давс ихтэй болчихвол ам нь цангаад явахгүй болов уу гэж бодоод давс бага хийлээ гэцгээнэ. Бөөн сэтгэл шүү. Эндээ хэсэг амраад эрчүүд нь хойд хайрхан руу 600 метр өгсөхөд айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн Дагвасүндэл бурханы хадан дээрх 317см өндөртэй хөрөгт хүрэв. Зун цагт уг бурхны хөрөгтэй хадны ёроолоор чонын хэл, таван салаа, нохойн хошуу, ганга гээд эмийн ургамалууд ургадаг гэнэ. Бидний хэдэн эрчүүд идээ ундааны дээжээ өргөж, сүслэн залчираад бэл рүү бууж бусадтайгаа нэгдэж уруудаад холгүйхэн орших 7 тэмээ хөтөлсөн жинчин эрийн хөшөөн дээр ирэв. Алшаа Бээжингээс Да-Хүрээ орох тэмээн жин үүгээр өнгөрөх ба, Ази-Европыг холбож Их Британи хүрдэг арван гурван мянган километр замын нэгэн чухал судас нь Цайны зам байжээ.
Бидний дараагийн зогсоол хүүхдийн овоо байсан. Хүүхдийн цагаан овоо нь байгалиас тогтсон овоо хэлбэртэй нэг ширхэг ургаа цагаан чулуу, мөн бөөрөнхий гэр хэлбэртэй нэг ширхэг цайвар боржин чулуунаас бүрдсэн байгалийн овоо юм. Миний бага хүү энэ өдөр төрсөн бөгөөд 4 сарын 23 бол Дэлхийн номын өдөр гэсэн тэмдэглэлт өдөр байсан тул хүүдээ Номт гэж нэр өгч байж билээ. Энд үр хүүхдүүдээ даатган залбираад хөдөлцгөөв. Замын байдал зарим газраа элсэрхэг, бартаа саадтай ч бид эрч хүчтэй, цог жавхаатай жийцгээж байв. Учир юу гэвэл бидний очсон Цагаан Дарь эх, Дагвасүндэл бурхан, хүүхдийн цагаан овоо гурвыг холбосон шугамаар үүсгэгдсэн гурвалжинг энергийн гурвалжин гэх ба энергийн хэмжээгээрээ Хамрын Хийдээс нэг аравны хэд дахин их гэж чичирхийлэл судлалын төв, Физик, технологийн хүрээлэн тогтоосон гэнэ.
Бид цааш жийсээр зэрэг дэвээ ахиулах, сонгуульд өрсөлдөж буй хүмүүс хүслээ шивнэдэг гэх Ноён суудал гэдэг дурсгалт газар дээр ирж суудал дээр нь тухлан дарга болохгүй ээ, харин ажил мэргэжлээрээ өсөцгөөе гэж хөгжилдөж байв. Эндээс бид буцах замдаа орон засмал зам руу жийцгээв. Засмал зам дээр ирээд Чойрын зүг явахад өөдөөс хүчтэй салхилан урагшлахад бэрхтэй байсан ч бид зүтгэсээр Чойр хотод ирж, аялалд оролцсон, манлайлсан хүмүүстээ талархал илэрхийлээд машиндаа дугуйнуудаа ачаалан хөдлөхөд цагаан гэгээ тасарч байлаа. Замдаа “Урьхан” зоогоороо орж махан цуглуулга захиалж хооллоод, Улаанбаатарын зүг хөдөллөө.
Нэг нэгнээ бараадаж явсаар шөнийн 02 цагийн үед Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөлөө.
Аялал бүр өөрийн дурсамжтай. Нэг өдрийн дотор машин, дугуйгаар 500 гаруй километр аялсан энэхүү аялалын тухай товч сийрүүлэхэд ийм байна. Бидний очоогүй, үзэж амжаагүй олон сайхан түүхийн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрууд тост боржигоны нутагт байдгийг мэдлээ. Цаг агаарын нөхцөл байдал сайнгүй ихэнхи нутгаар хүчтэй салхитай гэж байсан ч бидний хэдэн дугуйчдыг өршөөн ивээсэн шүү. Ээ Чойрын Богд минь.
Тэмдэглэл бичсэн: UBCC клубын үндсэн гишүүн С.Алтансүх
2022.04.24